Олон улсын зах зээл

АНУ болон БНХАУ-ын хооронд цахилгаан машины зах зээлтэй холбоотой хурцадмал байдал үүсэх үү?

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-04-15

Өнгөрсөн 11-р сард болсон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын дараа хоёр тал харилцаагаа тогтворжуулахыг хичээж байгаагаа илэрхийлж буй энэ үед АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-д хийж буй айлчлал нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Уг айлчлал нь дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хооронд хурцадсан худалдааны маргааныг шийдвэрлэх зорилготой гэж олон улсын шинжээчид таамаглаж байна.

Уулзалтаар яригдсан асуудлуудаас цахилгаан автомашины зах зээлд үзүүлж буй БНХАУ-ын нөлөөллийг хоёр улс өөр өөрийн өнцгөөр харж байгаагаас шалтгаалан уг салбарт дараагийн хурцадмал байдал үүсэж болзошгүй байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын дотоодын цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудын борлуулалт мэдэгдэхүйц нэмэгдэж зах зээлд тэргүүлэх байр суурийг эзлэх болсон. 2023 оны 4р улиралд BYD компани 525,409 ширхэг цахилгаан авто машин борлуулж борлуулалтаараа тэргүүлсэн бол Тесла компани 484,507 ширхгийг борлуулж удаалсан байна.Уг борлуулалтад БНХАУ-ын дотоодын эрэлт түлхүү нөлөөлсөн бөгөөд 2023 оны байдлаар БНХАУ-д борлуулагдсан авто машинуудын 23% нь цахилгаан, 2026 онд 33%, 2029 онд 42% болж өсөх тооцоололтой байна.  

АНУ-ын зүгээс БНХАУ-ын засгийн газраас дотоодын цахилгаан авто машин үйлдвэрлэгчдийг төрөөс хэт дэмжихгүй байж компаниудын тэгш өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэхийг хүсэж байгаа бол БНХАУ-ын зүгээс цахилгаан машины зах зээлд үзүүлж байгаа дотоодын үйлдвэрлэгч компаниудын амжилт нь төрийн дэмжлэгээс илүүтэйгээр тогтмол хийсэн инновац, шинэчлэлийн үр дүн гэж тайлбарлаж байна.

Эх сурвалж: Bloomberg, CNBC

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: