Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөнөөс шалтгаалан нефтийн үнэ огцом өсөж, Брент газрын тосны үнэ нэг баррельдаа 89 ам.долларыг давлаа.
Иран, Сири, Ирак улсуудад дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан даруйд Брент газрын тосны үнэ 2.3 хувиар өссөн байна. Өмнө долоо хоногт Иран Израиль руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгсний хариу арга хэмжээнд Израил Ираны нутаг дэвсгэр руу пуужингаар харвасан байна. Энэ үйл явдлын үр дүнд нийлүүлэлтийн бодит эрсдэл үүсэж, газрын тосны үнэ цаашид өсөх боломжтой талаар ING Groep NV-ийн түүхий эдийн стратегийн дарга Уоррен Паттерсон мэдэгдлээ.
Дэлхийн газрын тосны гуравны нэг орчим нь Ойрх Дорнодод байршдаг бөгөөд энэхүү бүс нутагт хурцадмал нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрчим хүчний үнэ нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлт саарах магадлалтай байдаг юм.
Эх сурвалж: Bloomberg