Олон улсын зах зээл

BYD компанийн 1 жилийн дараах зорилтот ханшийг шинжээчид 305 Хонг Конг доллар болгон өсгөв

Нийтэлсэн:
Duurenbuyan B.
Нийтэлсэн огноо:
2024-08-30

БНХАУ-ын тэргүүлэгч цахилгаан машин үйлдвэрлэгч компани болох BYD компанийн 2024 оны 2р улирлын тайлан өнгөрөгч гурав дахь өдөр гарсантай холбоотойгоор тус компанид шинжилгээ хийдэг шинжээчид зорилтот ханшаа өсгөлөө. Блүүмберг терминал дээр BYD компанийг 40 шинжээчид дагаж, өөрсдийн шинжилгээ таамгаа оруулдаг бөгөөд тэдний дараагийн 12 сарын дундаж зорилтот ханш 305.25 Хонг Конг доллар болж өмнөх улирлын үеэсээ 7 орчим хувиар өсгөлөө.

BYD компанийн энэ оны эхний хагас жилийн орлого 301.13 тэрбум юань болж өмнөх оны мөн үеэс 16%-иар, цэвэр ашгийн хэмжээ 13.63 тэрбум юань болж 24%-иар өмнөх оны мөн үеэс тус тус өссөн байна. Мөн тус тайлант хугацаанд 426,039 ширхэг цахилгаан авто машин борлуулжээ. Энэ дүн тус компанийн голлох өрсөлдөгч Tesla компанийн адил хугацаанд борлуулсан цахилгаан машины тоо болох 443,956 ширхгийг даваагүй боловч цаашид 2023 оны 4р улиралд борлуулалтаараа давсан амжилтаа давтах магадлал өндөр байна.

Хэдийгээр БНХАУ-ын дотоодын цахилгаан машины зах зээл үнийн дайнтай, өрсөлдөөн өндөртэй байгаагаас гадна 2024 оны III, IVр улиралд цахилгаан машины эрэлт буурах хүлээлттэй байгаа ч BYD-ын хувьд ирээдүйн өсөлтөө дэлхийн зах зээлээс тэр тусмаа Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн улс орнуудаас олж авах амбицтай байна.  

Эх сурвалж: Bloomberg, BYD financial report

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: