Олон улсын зах зээл

БНХАУ-ын томоохон цахим худалдааны компани болох PDD-ийн хувьцааны ханш 30 орчим хувиар уналаа

Нийтэлсэн:
Б.Дүүрэнбуян
Нийтэлсэн огноо:
2024-08-27

Өчигдөр буюу 8 сарын 26 -нд БНХАУ-ын томоохон цахим худалдааны компаниудын нэг PDD компанийн хувьцаа 30 орчим хувийн уналт үзүүллээ. Тус уналтад өчигдөр зарлагдсан улирлын тайлан, Тemu-г эсэргүүцэж байгаа худалдаачдын эсэргүүцэл болон компанийн удирдлагуудын ирээдүйн хүлээлт зэрэг ихээхэн нөлөөлсөн байна. Хэдийгээр улирлын тайланд орлогын өсөлт өндөр байсан ч компанийн гүйцэтгэх захирал Lei Chen худалдаачдын эсэргүүцэл, цахим худалдааны компаниудын ширүүн өрсөлдөөн зэргээс шалтгаалж уг орлогын өсөлт тогтвортой байх боломжгүй талаар дурдсан байна.

Temu платформоор дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ борлуулдаг дэлгүүрийн эзэд энэ оны 5р сараас хойш эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа бөгөөд тус платформыг үндэслэлгүй, хангалттай нотлох баримтгүйгээр торгууль ноогдуулдаг, орлогоос суутгадаг зэрэг нь худалдаачдын санхүүгийн байдалд ихээхэн дарамт учруулж байна гэж буруутгаж байгаа юм.

PDD компанийн зүгээс 2025 оноос платформ дээрх дэлгүүрүүдийн чанарт түлхүү анхаарч, сайн чанартай үйлчилгээ үзүүлсэн, бараа бүтээгдэхүүн нь асуудалгүй, гомдол багатай дэлгүүрүүдийн шимтгэлийг бууруулах замаар үйлчилгээгээ чанаржуулах төлөвлөгөөг батлаад байна. Мөн компанийн зүгээс ногдол ашиг тараах, хувьцаагаа халааслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй байгаа тухай мэдэгдлээ.

Эх сурвалж: Bloomberg

www.OCHUN.mn

#ochun #ochirundraa #managingcapitalwithdiscipline

Холбогдох сэдэв: